Splice Beta арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцлоо

Splice Beta 2025 арга хэмжээний оролцогчид. Чиан Май, Тайланд.

Тайландын Чиан Май хотод болдог азийн сэтгүүл зүйн салбарын хамгийн том үйл ажиллагаануудын нэг болох Splice Beta фестивальд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн хөтөлбөрийн баг дөрөв дэх удаагаа амжилттай оролцлоо. Арваннэгдүгээр сарын 26-27-нд болсон энэ жилийн арга хэмжээнд Ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлийн редакц зэрэг монголын медиа салбарын төлөөллүүд мөн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон ба “Positive Dadal” төслийн ахлах, сэтгэл судлаач Б.Алтанзул илтгэгчээр оролцож, туршлагаа хуваалцсан нь онцлог байв.

Коммьюнити дунд үнэ цэн бүтээх, сэтгүүл зүйн итгэлцлийг сайжруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, хиймэл оюуныг хэрхэн үр дүнтэй хэрэглэх зэрэг агуулгаар хоёр өдрийн турш салбарын мэргэжилтнүүд харилцан суралцлаа.

Сингапурт төвтэй медиа старап болох Splice Media нь хэвлэл мэдээллийн экосистемийг зураглах, олон улсад тогтвортой хэвлэл мэдээллийн бизнес загвар нутагшуулах чиглэлд судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр хэвлэл мэдээллийг бие даан оршин тогтнохыг нь дэмжиж ажилладаг юм. Тухайлбал, 2021 онд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон People in Need ТББ-ын хүсэлтээр Splice Media “Монголын медиа салбарын экосистемийг сайжруулах нь” судалгааг бэлтгэж байв.

Splice Media-ийн үүсгэн байгуулагчид Алан Сун, Ришад Пател

Splice Media байгууллагын үүсгэн байгуулагчид Алан Сун, Ришад Пател нар арга хэмжээний талаар Бид Splice Beta арга хэмжээг зургаа дахь удаагаа зохион байгуулж байна. Энгийнээр зүйрлэж хэлвэл бид хоёр өөрсдөө Splice Beta гэх том хуримд уригдаж ирсэн зочид шиг санагддаг. Медиа салбарын олон сонирхолтой хүмүүс нэг дор цуглаж, үнэ цэнтэй туршлага хуримтлуулж, хөгжиж байгааг харах нь бидний нэг том зорилго. Энэ жил үүнийгээ биелүүлж чадсан гэж бодож байна. Splice бол хийж буй ажлыг нь маш их үнэлдэг ч бодитоор уулзаж үзээгүй хүмүүстэйгээ тааралдаж туршлага солилцох, шинэ хүмүүстэй танилцах орон зай, халуун дотноор тэврэлдэж болох том хүрээлэл юм.

Хэвлэл мэдээллийн байгууллага товтвортой оршин тогтнохын тулд хэрэглэгчдийн хэрэгцээг сайтар ойлгох хэрэгтэй. Бүх л редакциудын хувьд хүлээж авч байгаа талынхаа хүсэж буй, тэдэнд үнэ цэнтэй зүйлсийг бүтээх нь чухал” гэж онцоллоо.

Previous
Previous

БАНГКОК, КУАЛА ЛУМПУР, ЧИАНМАЙД ЗОРЧСОН НЬ БУЮУ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААР НУХАЦТАЙ ТУНГААСАН 11 САР

Next
Next

Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгүүл зүйн платформоо олон улсад танилцуулаа