БАНГКОК, КУАЛА ЛУМПУР, ЧИАНМАЙД ЗОРЧСОН НЬ БУЮУ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААР НУХАЦТАЙ ТУНГААСАН 11 САР
Манай байгууллага Даваа гараг бүрийн өглөө 10:30 цагаас өмнөх долоо хоногоо дүгнэж, шинэ долоо хоногоо төлөвлөх хурал хийдэг юм. Миний хувьд энэ удаагийн хурал онцгой байсан нь би бээр өмнөх долоо хоногийн гүйцэтгэл бус бүтэн сар үргэлжилсэн томилолтоо тайлагнахаар сууж байв. Өчигдөрхөн Монголд ирээд залгуулаад маргааш нь ажилдаа ирсэн нь энэ.
Үүр төвөөс томилолтоор явах ажилтан бүр удирдамж бичих ба ирээд түүнийгээ тайлагнах үүрэгтэй. Анх бичиж өгсөн томилолтын төлөвлөгөөтэйгөө харьцуулж, буцааж мэдүүлэх ёстой тайланг албан цаасан дээр бус ажлынхаа вэбсайт дээр нийтлэл болгоод биччихье гэсэн сэдэл төрсөнд ийнхүү өнгөрсөн сарын туршлагаа баримтжуулан сийрүүлж буй.
Disclaimer: Үүр төв дотоодын сэтгүүл зүйн экосистемд шинэ тутам ойлголтыг цаг алдалгүй нэвтрүүлэхийг зорьж, нийт ажилтнуудаа олон улсын үйл ажиллагаануудад идэвхтэй оролцуулдаг. Энэ хүрээнд өөрийн оролцсон үйл ажиллагааг багцлан сүүлийн нэг сарын томилолтын туршлагаараа дамжуулан хүргэх гэж оролдлоо. Манай байгууллагаас мөн нийт үйл ажиллагаанаас суралцсан арга зүй, агуулгуудаа тун удахгүй тойм байдлаар хүргэх болно.
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, иргэний мэдэх эрх зэрэг агуулгыг хамарсан олон улсын дөрвөн ч том хурал 11 сард тохиож, амжиж бүгдэд нь оролцохын тулд бүтэн сарыг зарцуулжээ. Тэдгээрийг дурдвал:
Бангкок: Олон улсын иргэний нийгмийн долоо хоног /Тэтгэлэгт сэтгүүлчээр оролцсон нь/
Куала Лумпур: CTRL+J Сэтгүүл зүй ба хиймэл оюуны нийлэгжилтийг хэлэлцэх хурал
Куала Лумпур: Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулга уулзалт
Чиан Май: Splice Beta Хэвлэл мэдээллийн гарааны бизнесүүдэд зориулсан фестиваль
Газрын зураг дээр харвал бие биеэсээ алс тохиох үйл ажиллагаанууд. Харин хөндсөн асуудал, хэлэлцсэн агуулгыг нь харвал бүгд нэг хам хүрээнд эргэлдэх. Тэр нь хүний эрх, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, хиймэл оюуны хөгжил, хэвлэл мэдээллийн тогтвортой байдал. Гэхдээ сар үргэлжилсэн томилолтоор зөвхөн энэ агуулгууд гэлгүй нойргүй шөнө, нуурын аялал, шөнийн зах, гашуудсан хот гээд олон ч зүйлийг үзэв.
ГАШУУДАЛ ЗАРЛАСАН БАНГКОК БУЮУ ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙГ УГТСАН ХОТ
- Ардчиллын амьсгалах агаар нь иргэний орон зай -
Бангкокийн онгоцны буудлаас буух болгондоо халуун агаарыг нь гайхдаг. Чийглэг халуун нь ид оргилдоо хүрдэг үд шүргэх цагаар нь буусныг ч хэлэх үү, гараад машины зогсоол хүртэлх богинохон зам их л хол санагдах. Такси руугаа алхах замд барилга бүрийн нүүрэнд хар цагаанаар, ямар ч зарын самбараас том хэвлэж тогтоосон хөрөгтэй олонтоо таарна. Инээмсэглэлийн улс гэх хочтой Тайланд улс Эх хатан Сирикитийнхээ араас гашуудаж буй нь тэр.
Ард түмэндээ хайрлагдсан Эх хатан Сирикит 2025 оны 10 сарын 14-нд таалал төгсөж, улс тэр аяараа бүтэн жилийн гашуудал зарлажээ. Улсынхаа далбааг тугийн хөлийн хагаст унжуулж, төрийн байгууллагууд хар даавуу өлгөж, албан хаагчид бараан өнгөөр хувцаслана. Шөнийн Бангкокийн хурц гэрэлтүүлгүүд хүртэл арай бүдэг асах мэт. Зочид буудлын зөөгчид зөөлөн өнгөөр ярих, нийтийг хамарсан үйл ажиллагаа дуу шуу бага гаргаж байснаас уй гашуу нь жуулчилж явсан надад хүртэл мэдрэгдэв.
Тэрхүү бүүдгэр уур амьсгалд хотын төвд байрлах Таммасат их сургуулийн их танхимд Олон улсын иргэний нийгмийн долоо хоног албан ёсоор эхэллээ. Нийтдээ 100 орчим орны 1000 гаруй оролцогч цуглав. Иргэний орон зай дэлхий даяар хумигдаж, зөвхөн иргэний нийгэм гэлгүй хэвлэл мэдээлэл ч автократ төрүүдэд хавчигдаж буй тул энэ жил зориуд сэтгүүлчдэд зориулсан тэтгэлэг зарлаж 12 улсаас 16 сэтгүүлчийг оролцуулсан байна. Ямартай ч 400 гаруй горилогчдоос шалгарч, дэлхийн хамгийн том иргэний нийгмийн нэгдэл CIVICUS байгууллагаас зохион байгуулдаг тус долоо хоногийг гэрчлэхээр болов. Хэвлэл мэдээллийн салбар нь тийм ч том биш Монгол улсаас оролцож буй надад энэ зүгээр л үйл ажиллагаа гэхээс илүү дэлхийн идэвхтнүүдийг дэргэдээс нь шимтэн сонсох, үйл хэргээс нь суралцах боломж байлаа.
CIVICUS байгууллагын Харилцаа холбоо хариуцсан дарга Нипуна Кумбалатара, Томсон Ройтерс сангийн Ерөнхий Эрхлэгч Ясир Хан биднийг чиглүүлж, сэтгүүл зүйн талаар сонирхолтой хэлэлцүүлгүүд хийхийн дээр Иргэний нийгмийн долоо хоногт оролцож буй нөлөө бүхий хүмүүстэй танилцуулж, холбож өгч байв.
Тэд юу гэв?
Иргэний орон зай хумигдаж байна
Хөтөлбөрийн хамгийн эхний нэгдсэн хэлэлцүүлгээр 198 улсаас 116 улсад үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрх улам хязгаарлагдсаар буйг анхааруулав. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл нэрийн дор хүмүүсийг залхаан цээрлүүлэх, хэвлэл мэдээлэл болон төрийн бус байгууллагуудын эрх зүйн байдлыг төвөгтэй байдлаар нарийвчлан зохицуулах, төрийг шүүмжилсэн хэн нэгэн хэсэгхэн хугацааны дараа яагаад ч юм муу нэр зүүж, хүний адаг болчихдог үзэгдэл зөвхөн манай улсад ч биш олон улсад ажиглагдсаар байна. Иймд иргэний орон зайг хамгаалах хүчин чармайлтыг хил хязгаар үл хамааран хамтатгах шаардлага буйг онцолсон.
Хуулийг зэвсэглэн ашиглах үзэгдэл Азид хамгийн түгээмэл байна
Ялангуяа интернэт, цахим орчинд цензур тогтоож, төр иргэдийнхээ мэдээллийг мөшгөх, мөрдөх зорилгоор ашиглах, нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүмжлэлт дуу хоолойг ноолох, төрийн тэргүүнийг гутаасан (Lèse-majesté) гэж ял оноох гэх мэт хязгаарлалтууд Азийн бүс нутагт хамгийн хүчтэй буй аж.
Дэлхийн өнцөг буланд залуус тэсгэл алдаж байна
Төрийн эзэрхийлэл тэлэх тусам авторитари давлагааг сөрж жагсаж, цуглаж, засгийн газартайгаа тэмцэл өрнүүлдэг нь залуу үе. Сүүлийн 5 жилд Хонг Конг, Тайланд, Чили, Нигер, Бангладеш, Серби, Монгол, Непал тэргүүтэй олон улсад болсон хамгийн нөлөө бүхий жагсаалуудын стратегийг чиглүүлсэн нь ч мөн 30-аас доош насны залуучууд байна. Учир нь иргэний орон зай хумигдахад хамгийн өртөмтгий бүлэг нь шинэ үеийнхэн байдаг. Залуучуудтай холбоотой олон яриа, хэлэлцүүлэг болсны дундаас 1981 оноос хойш Зүүн азийн хамгийн хурцадмал бүсүүдэд хүний эрхийн хуульч, багш, сурвалжлагчаар ажилласан Дэбби Стотхардын үг хамгийн их итгэл төрүүлсэн юм.
“Залуучуудыг дэмжиж байна гэснээ жаахан эрх мэдэл, жаахан албан тушаал өгөөд өөрсдийнхөө бүтээсэн балгийг зас гээд нэхэх юм. Амьдралынхаа туршид асуудал дүүрэн нийгэм бүтээснээ залуучуудыг л чадсангүй, болсонгүй, арчаагүй гээд буруушааж байна. Бүх л салбарт дээд үеийнхэн нь өөрсдөө баахан дүрэм зохиочхоод өөрсдийнх нь дүрмээр тогло, өөрсдийнх нь хэлээр ярь, залуучууд ийм ч юм чадахгүй, тийм ч юм хийхгүй гэж бас элдэвлэж байна. Залуучууд хүчгүйдээ биш байгаа хүчийг нь л олж харахгүй байгаа хэрэг. Одоо үеийн 20 настнууд миний 20 насандаа ямар байснаас, одоогийн 30 настнууд миний 30 насандаа ямар байснаас хавь илүү байгаа шүү”
-Дэбби Стокхард
Хөтөлбөрийн хамгийн онцлох хэсэг тэтгэлэгт сэтгүүлчдэд зориулсан тусгай оройн зоог байв. Биднийг Зүүн Азийн хамгийн том, хамгийн анхны сэтгүүл зүйн клуб болох “Тайланд дахь Гадаад Сурвалжлагчдын клуб”-т урьж, CIVICUS сүлжээний хамгийн нөлөө бүхий байгууллагуудын (Үүнд CIVICUS monitoring, Resource Alliance, Thomson Reuters Foundation, One Future Collective) төлөөлөл ‘сэтгүүл зүй ба иргэний орон зай’ сэдвийн хүрээнд чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Иргэний орон зай, хэвлэл мэдээллийн орчин хоёулаа хумигдаж буй энэ цаг үед тулгамдсан гол асуудлыг Resource Alliance байгууллагын захирал Виллеке Ван Рин тодорхойлсон нь:
”Яг үнэндээ улс төрийн эрх мэдэл гэхээс илүүтэй технологийн аваргууд тогтолцооны хөрсийг сэндийлж байна. Ийм нөхцөлд тоглоомын дүрэм эвдэгдэж, зарчим биш хаана ямар нөөц хэрэгцээтэй байна, тэр нөөцийг эзэмшиж буй этгээд хамгийн хүчтэй. Одоо хамгийн хүчтэй нөөц бол мөнгө. АНУ-ын гадаад дэмжлэг олон улс дахь хөгжлийн эдийн засгийг тэтгэдэг байсан ч энэ урсгал огцом татарч, мөнгөний эх үүсвэрийг хайж бүгд тал тал тийш шуурах боллоо.
Тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбарын ашгийн төлөө загвар ч тогтворгүй, дээрээс нь технологийн компаниудын мөлжлөгт өртөж, ашиглуулж байгаа энэ цаг үед иргэний нийгмийн салбар тодорхой түвшинд өөрсдийн боломжит нөөцөөр хэвлэл мэдээллийг дэмжих ёстой. Энэ хоёр салбар нөгөөгүйгээрээ үнэ цэнтэй оршин тогтнох бараг л боломжгүй. Яг одоо нүүрлээд буй цаг үеийн хомсдолыг ямартай ч давж гарах нь чухал”
Өнөө цагт хэвлэл мэдээллийн салбар нийгэмд үзүүлэх нөлөөллөө хянаж, удирдаж чаддаг байх ёстой гэх хандлага давамгайлж байна. Ялангуяа иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагаа өргөжиж буй энэ үед ер нь сэтгүүл зүй өөрийн ёс зүйн хүрээнд яаж нийтийн эрх ашгийн төлөө ажиллах вэ, ямар үр нөлөөг хүлээх вэ гэдгийг Томсон Ройтерс сангийн Ерөнхий Эрхлэгч Ясир Ханаас асуув.
“Дарангуйллын үед сэтгүүл зүй нь төрийн хамгийн эхний бай, харин иргэдийн хамгийн сүүлийн бэхлэлт нь байдаг. Бие даасан сэтгүүл зүй гэдэг бол дохиоллын систем. Нийгэмд тохиож буй үзэгдэл бүрийг холбож, тэдгээрийг боловсруулж, баримтыг нягталж, олон нийтэд ямар ирээдүй айсуйг харуулах дуран.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдлээ урвуулан ашиглах, улс төрийн зорилготой яллах, шүүмжлэлт дуу хоолойг цээрлүүлэх зэрэгтэй тэмцэх зэвсэг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй сульдсан орчинд нийгмийн хяналт, тэнцэл алдагддаг. Олны нүднээс далд, нийгмийн төлөөлөл хангагдаагүй бүлгийн дуу хоолойг өсгөж, иргэнийг төртэй нэг түвшинд өргөх индэр нь болж, хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдлыг олны онч хараан дунд хамгаалах ч ёстой. Иргэний орон зайн тогтвортой байдлыг хангах гол хөдөлгүүр нь сэтгүүл зүй.
Та бүхэн эдгээр зарчмуудыг өдөр тутамдаа бодож, тунгааж, үйлдлээрээ биелүүлж ажилладаг уу? Тийм бол тэр нь нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүй мөн”
Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн талаарх яриа энэ хариултаар өндөрлөөгүй. Нийтдээ 3 цаг үргэлжилсэн. Зөвхөн энэ тусгай хэлэлцүүлгийн агуулга өөрөө задлан шинжлэхүйц нэг том кэйс болохоор байлаа.
2. КУАЛА ЛУМПУРТ ТОХИОСОН CTRL+J ХУРАЛ: ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРИНД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭ ЦЭН ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА
Хиймэл оюуны эринд сэтгүүл зүй хэний өмч болох вэ?
Бангкокоос Куала Лумпурын зүг нислээ. 2 цаг үргэлжлэх нислэгийн цонхоор дал мод, зам дээр сүлжилдсэн мотоцикл, дугуйт хөсөг, хүний хөлд дарагдсан гудамжнууд харагдахаа больж ширүүн бороон дунд гэрэлтэх шилэн цамхгууд нүдэнд тусна. Өндөр барилга болгон өөр хоорондоо гүүрээр холбогдож, машин замын урсгалууд мушгиралдсан Куала Лумпур хот.
Ийш зорин ирсэн эхний үйл ажиллагаа нь CTRL+J олон улсын хурал. Өмнө нь иргэний орон зайг сэтгүүл зүйтэй нийцүүлэн эргэцүүлсэн бол энд хиймэл оюуны тухай асуулт тээсээр ирэв.
“AI болон олон нийтийн сүлжээний платформууд сэтгүүл зүйн үнэ цэнийг булааж буй энэ эринд мэдээллийн урсгалыг хэн чиглүүлж, хэн хожих вэ?”
CTRL+J-ийн тухайд
Нийгмийн хөгжил, төрийн бодлого, иргэний орон зай зэргээр нь улс орнуудыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагас /хөгжсөн/ болон өмнөд хагас /хөгжиж буй/ гэж хувааж болно. CTRL+J бол Ази, Африк, Латин Америк тэргүүтэй өмнөд хагас дахь бүсүүдэд сэтгүүл зүй болон технологи хоорондын харилцаа хэрхэн өөрчлөгдөж буйг хэлэлцэх хурал.
Энэ үйл ажиллагааг
IFPIM буюу Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан
Бразил дахь Технологи ба сэтгүүл зүйн шуурхай судалгааны “Моментум” нэгдэл
Бизнесийн шинжлэх ухааны Гордон институтийн дэргэдэх Медиа манлайллын тинк танк
Индонезийн Кибер хэвлэл мэдээллийн холбоо нар хамтран зохион байгуулсан.
Үүр төвийг төлөөлж энд хоёр хүн оролцохоор ирсэн нь манай тэргүүн Б.Дуламхорлоо болон би. Дууяа эгч /миний дууддаг нэр/ бид хоёр гурван долоо хоногийн дараа таарсан нь энэ. IFPIM Монгол хөтөлбөрийг хариуцаж, дотоодын 6 хэвлэл мэдээллийн байгууллагатай 2 дахь жилдээ хамтран ажиллаж буй бид хоёрт эндээс сурах юм их тул дундаа нэг файл нээж байгаад агуулга болгоныг хичээнгүйлэн тэмдэглэв.
CTRL+J зөвхөн хэвлэл мэдээлэл эсвэл сэтгүүл зүйг бус мэдээллийн экосистемийг бүхлээр нь хэлэлцэнэ
Хурлын эхний нэгдсэн хэлэлцүүлгээр үндсэн илтгэгчид сэтгүүл зүйн зах зээл уналтад орж буйг онцоллоо. Нийгэмд баталгаат мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Гэтэл баталгаат мэдээллийг олон нийтэд хүргэх явцад эдийн засгийн үр өгөөжийг анхдагч түүхий эдийг боловсруулж буй редакцууд бус технологийн компаниуд л хүртэж буй. Тэдний тодорхойлсноор 3 гол агуулгыг л нийтээрээ ойлгох ёстой аж.
Технологийн компаниудын хийж буй дижитал мөлжлөг дэлхий нийтэд тулгамдсан асуудал мөн
Үндэсний тогтолцоо дангаараа уг асуудлыг шийдэж чадахгүй
Ямар ч шийдэл бай хүний эрхийн хамгаалал, бизнесийн инновац хоёрыг тэнцвэртэйгээр хадгалах ёстой.
Олон улсад сэтгүүлчийн хүч хөдөлмөрөө зарж боловсруулсан мэдээ, мэдээллийн нөөцийг хиймэл оюуныг сургахад хэрэглэж, асар их ашиг олж буй ч эргээд хэвлэл мэдээллийн байгууллагуудад ямар ч өгөөж байхгүй байна. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй редакцуудаас хэд нь мэдээллээ ашиглуулсан бол гэх асуулт дотор байнга бодогдох.
Мэдээний эдийн засгийн үнэ цэн хувьсаж байна
Сингапурын сэтгүүлч, Нью-Йорк Хотын Их Сургуулийн Сэтгүүл зүйн салбарын судалгааны хүрээлэнгийн захирал Жина Чуа тайзан дээр маш сонирхолтой өнцгүүдийг хуваалцав. Миний л хувьд хөтөлбөрийн хамгийн сонирхолтой илтгэл байсан.
Мэдээ уншихын тулд нийт цахим хэрэглэгчдийн 7 хувь нь AI чатбот руу ханддаг, харин 25-аас доош насны хэрэглэгчдийн хувьд энэ үзүүлэлт 15 хувь байна. Жинагийн дэвшүүлсэн асуулт нь “Бид нэгэнт энэ хандлагыг зогсоож чадахгүй. Тиймээс ирээдүйд зайлшгүй бий болох өвөрмөц мэдээллийн урсгалд өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ?”
“ Бид сэтгүүл зүйг аврах гээд байгаа юм биш. Олон нийтийн мэдэх эрхийг л хамгаалах зорилготой. Хэрвээ сэтгүүл зүй олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзвэл сэтгүүл зүйг хамгаалах ч шаардлагагүй. “
-Жина Чуа
Дэвшүүлсэн асуултдаа санал болгосон хариултууд нь:
Сэтгүүл зүй үргэлж хоёр үнэ цэнийг тээсээр ирсэн нь
Бизнесийн хөгжлийн үнэ цэн (зар сурталчилгаа, хэрэглэгчтэй холбох гэх мэт бизнесийн харилцааны суурийг бэхжүүлсэн)
Нийгмийн үнэ цэн (нийтийн эрүүл мэнд, нийгмийн эгэх хариуцлага, ардчилсан хэлэлцүүлэг өрнөх хөрсийг тавьсан)
Өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллага аль болох өргөн цар хүрээнд л хүрч ажиллах гэж хичээдэг байсан
Харин ирээдүй бол “жижиг зах зээл”, нийгмийн бага бүлэгт, тогтвортой үзэгч, уншигчтай, тэдний шуурхай хэрэгцээг хангаж чаддаг байх ёстой
Жинатай нэг хэлэлцүүлэгт илтгэгчээр суусан Чарчил Отьено /Африк дахь редакторуудын холбооны захирал/ мэдээний үнэ цэнийг өөр байдлаар хэмжих ёстойг сануулав.
“Мэдээ зүгээр л newsfeed гүйлгэж байхад урсаад өнгөрөх контент биш үнэхээр л нийгмийн харилцааны чухал элемент мөн юм бол түүний үнэ цэнийг хандалтаар нь биш, олон нийтийн дунд бий болгосон хэлэлцүүлэг, нийгэмд үзүүлсэн үр дагавраар нь хэмжих ёстой.”
Иймд сэтгүүлчид өөрсдөө мэдээний үнэ цэнийг өсгөхөд идэхтэй оролцоотой байх хэрэгтэйг уриаллаа. Жишээ нь: AI Зохицуулалтуудыг дэмжих, технологийн компаниудаас мэдээллийн ил тод байдлыг шаардах, AI хөгжүүлэгчид вэбсайт дээрх мэдээнүүдийг зүгээр л бэлэн будаа болгож ашиглаж байгааг зогсоохыг идэвхтэй шаардах гэх мэт.
Хуулийн маргаан ба “ботуудыг таних нь”
Колумбын Их Сургуулийн Ахлах багш Аняа Шиффрин, Медиа манлайллын тинк танкийн захирал Майкл Марковиц нар мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж болох талаар шийдлүүдийг танилцуулсан нь сонирхолтой байв.
АНУ-д л гэхэд AI-тай холбоотой цөөнгүй тооны шүүхийн маргаан үүсээд буй аж. Учир нь AI-ын үндсэн түүхий эд нь мэдээлэл. Гэтэл мэдээлэл гэдэг орчин цагт цэрэг, армийн хүчтэй эн зэрэгцэхүйц хүчтэй зэвсэг болсон байна. Иймд өөрсдийн мэдээллийг юниверсал технологид шууд өгөөд байх нь тийм ч зохисгүй тул олон аж ахуйн нэгж, төрийн байгууллагаас технологийн компаниудтай зарга үүсгэж эхэлжээ.
Мөн олон улсад AI технологи аливаа улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж л буй бол олон нийтэд яг ямар зорилгоор ашиглагддаг, хэрхэн сургасан, мэдээллээ хэрхэн цуглуулдаг, яг хаана, ямар байдлаар ажиллаж байгаа зэргээ олон нийтэд ил тод байлгахыг шаардаж байна.
Энэ яриаг сонсож суусан би дээрх агуулгыг өөрийн орны хөрсөнд буулгаад бодоход хүндрэлтэй байв. Учир нь вэбсайт эрхлэгчид өөрсдийн хандалтын энгийн мэдээллийг Google Analytics ашиглан хянахгүй, анзаарахгүй байхад AI суурьтай бот сайтын мэдээллийг олборлож буйг хэрхэн яаж мэдэх вэ?
Мэдээллийг дур зоргоор олборлож буйтай тэмцэхээр хөгжүүлэлт хийж эхэлсэн технологийн тэргүүлэгчид
Бидний сайн мэдэх хоёр технологийн компанийн төлөөлөл CTRL+J-д оролцохоор иржээ. Тэдгээр нь Mozilla болон CloudFlare.
Mozilla компанийн төлөөлөл И.М.Левис-Жон:
“AI ботууд аливаа сайт дээр маш түрэмгий байдлаар олборлолт хийдэг. Таны бүх мэдээллийг бага, багаар түүхээс гадна их хэмжээний бот ажиллаж буй тохиолдолд тухайн сайт эзэмшигчийн сервер, баазын зардал ч их хэмжээгээр өсдөг. Хэрвээ мэдээний өрөөнүүд нэгдмэл байж AI ботууд дур зоргоор олборлохыг сөрж чадвал технологийн компаниуд цаг үеийн чанартай агуулгуудын дутагдалд орохоос зайлшгүй. Энэ үед мэдээллээ зохих үнээр нь борлуулах бизнес загварт шилжиж ч болно”
CloudFlare компанийн төлөөлөл Клэйр Лим:
“Манай серверийг ашиглаж буй сайтуудад AI бот нэвтрэхийг хориглосон. Хэрвээ мэдээлэл цуглуулах бол заавал манай үйлчлүүлэгчдэд зохих төлбөрийг нь төлөх ёстой. Энэ төлбөрийг яг үнэндээ төлбөрийн чадамжтай том компаниуд биш жижиг, дунд хэмжээний хөгжүүлэгчид илүү сайн төлдөг. Учир нь хориг зөрчиж мэдээлэл цуглуулсан байлаа гэхэд жижиг, дунд бизнесүүд шүүхийн маргааны зардлыг дийлэхгүй, гэтэл том корпорацуудад шүүхээс торгууль авсан ч хууль бус ажиллагаанаас олох ашгаас нь хамаагүй байх тул ийм зохицуулалтыг дагаж мөрдөхгүй байх хандлагатай”
Технологийн салбар зөвхөн AI-аар хязгаарлагдахгүйг сануулж, том компаниуд дээрх санаачилгуудыг эхлүүлсэн нь сонсоход таатай байв. Уг нь эдгээр ажлуудыг хэвлэл мэдээллийн салбар нэгдсэн байдлаар дэмжих шаардлагатай байгаа ч нөхцөл байдлыг бүрэн шинжилж чадалгүйгээр том компаниудын урхинд ороод буй аж. Тэр урхи нь “Дайснаа түрээслэх стратеги”. Бэлгэ тэмдэг төдий нэрийн дор хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжих, хөрөнгө оруулах ажлууд хийж, урт хугацааны тэмцэлдээ цаг зарцуулахаас нь сэргийлж завгүй байлгах, энэ хоорондоо мэдээллийг нь хүчээр олборлосоор л байгааг олон улсын экспертүүд шүүмжилж байв.
Мэдээж энэ дүр зураг манайд ямар байгааг бүрэн тогтоох боломжгүй. Гэхдээ энэ төрлийн яриа манай улсад ойрын хэдэн жилдээ өрнөх нь зайлшгүй.
Зөвхөн дээр дурдсан агуулгуудаас гадна олон сонирхолтой өнцөг хөндөгдсөнийг бид өөрсдийн байгууллагын хуудсаар түгээх тул энэ агуулгыг энд хүрээд зогсооё. Учир нь сарын хөтөлбөрийн маань хамгийн сонирхолтой хоёр үйл ажиллагаа болох Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулга болон Splice гарааны медиа бизнесүүдийн фестивалийг та бүхэнд танилцуулах нь зүйтэй.
3. KУАЛА ЛУМПУР II: СЭТГҮҮЛ ЗҮЙН ХАМГИЙН ТОМ ЦУГЛАРАЛ БОЛОХ ДЭЛХИЙН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЧУУЛГА
CTRL+J -ийн дараагийн үйл ажиллагаанд ороход хотоо солих шаардлага байсангүй. Гэхдээ харах өнцгөө өөрчилж, сэтгүүл зүйн амин элементэд нухацтай шимтэх цаг болов. Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулга анх удаа Ази тивд зохион байгуулагдаж буй нь энэ. Аль болох эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зургийг авахгүй байх, оролцогч болгон метал илрүүлэгчээр шалгуулж, барьж яваа цүнхээ үзүүлж байж нэвтрэх зэргээр аюулгүй байдлыг сайтар хангажээ.
Энэ удаад захирал бид хоёр дээр нэмэгдэн манай байгууллагын Баримт нэн тэргүүнд сүлжээний менежер Л.Анударь, сүлжээний гишүүн бөгөөд IFPIM Монгол хөтөлбөрийн оролцогч iToim редакцын Ерөнхий эрхлэгч Э.Мөнхцэцэг нар ирснээр томилолтын баг дөрвүүлээ болсон.
Мөн Монголоос Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернешнл төв, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв зэрэг байгууллагын төлөөллүүд ирснээр Монголоос оролцох оролцогчдын тоо 12 болж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.
Чуулгыг ерөнхийд нь тоймловол:
Нобель, Пулицер, Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх шагналтнууд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй мэргэжилтнүүд, багш нар гээд 300 гаруй илтгэгч
135 орны редакцуудын төлөөлөл, эрэн сурвалжлах сэтгүүлчид, медиа хөгжүүлэгчид бүхий 2100 оролцогч
Дадлага ажил, чөлөөт хэлэлцүүлэг, илтгэл, сургалт холилдсон 150 гаруй салбар хуралдаан 5 өдрийн турш үргэлжилнэ.
5 өдрийн цагийн хуваарь их энгийн байв.
08:00 өглөөний цай
09:00 – 18:00 нийт хөтөлбөрөөс өөрөө сэдвээ сонгож орох цаг
Хөтөлбөрийн сэдвүүд дотроо 8 ангилалд хуваагдана:
A – Academic
B – Business & Finance
C - Crime & Corruption
D – Data
E – Environment
R – Human Rights
S - Safety & Security
T - Tech
F – Funding & Business models
M - Documentaries and storytelling
Бид 4 үндсэн агуулгуудаа өөрт хамаатай байдлаар нь хувааж авахаар болов. Нэг байгууллагын хүрээнд ирж буй тул аль болох бүх сэдвээс сонсох гэсэн дээ тэр. Миний хувьд 1.Хүний эрх, 2.Аюулгүй байдал, 3. Гэмт хэрэг, авлига гэсэн сэдвүүдийг түлхүү сонгож оролцсон.
Бахдал төрүүлсэн мөч
Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Ресса Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн индэр дээрээс Үүр төвийг дурдсан мөч бидний хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай, баримт эцэст нь ялдаг тухай илтгэл хэлэлцүүлж, нийт сэтгүүлчдэд урам зориг түгээсний зэрэгцээ, илтгэлийнхээ төгсгөлд өөрийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номыг орчуулж гаргасан улс орнуудыг дурдаж, талархал илэрхийлэв. Хамгийн сүүлийн мөчид Монгол хэл дээрх хувилбарыг гаргаж хэлсэн үг нь:
“Nest-ийнхэн энд Монголоос ирсэн байна. Орос, Хятад хоёрын дунд хавчигдсан Монголын оролцогчид хүртэл энд ирсэн байна шүү дээ”
-Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Ресса
Энэ үйл явдал бидний хувьд нэр төрийн хэрэг байсан төдийгүй, хүнд агуулгатай, ачаалал өндөр 4 өдрийн хөтөлбөрийг эрч хүчтэй, урам зориг дүүрэн суралцаж, шамдах хүч нэмснийг онцлох нь зүйтэй.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй илүү үр нөлөөтэй байхад төвлөрч байна
Бүтээлээсээ болж хоригдож байсан, олзлогдож үзсэн, улсаасаа хөөгдсөн сэтгүүлчид хүртэл идэвхтэй дуу хоолойгоо өргөж, өөрийн түүхийг хуваалцсан нь оролцогчдод хүрж, уур амьсгал улам цул болох. Дэлхийн өнцөг булан бүрд авторитари төр хүчээ авч, хэвлэл мэдээллийн салбар, иргэний орон зай хавчигдах болсон энэ цаг үед сэтгүүл зүйн хамгийн эрсдэлтэй, хамгийн хүчтэй чиглэл болох эрэн сурвалжлах сэтгүүл зүй улам амь нэгтэй, хүчин чармайлттай байхыг хичээж байгаа нь хүчтэй мэдрэгдэж байв.
“Сэтгүүл зүй өнөөгийн нийгэмд хэрэггүй гэлцэх хүмүүс олширсон. Гэхдээ бодоод үз дээ? Үнэхээр л бид нийгэмд нөлөөгүй, хэрэгцээгүй юм бол яагаад дарангуйлагч төр сэтгүүл зүйг нухчин дарахын төлөө тийм их хэмжээний хүч хаяна вэ?”
-Мариа Терес Рондерос, Латин Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төвийн захирал
Иргэний нийгэм болон хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагаа маш чухал болсныг онцолсон эхний хэлэлцүүлгээр миний өмнө хэсэгт дурдсан сэтгүүл зүй хэрхэн нийтийн эрх ашгийг хамгаалах тухай асуултыг хөндсөн юм.
Тус хэлэлцүүлгийн гол дүгнэлт нь:
Сэтгүүлч хүн активист байж болохгүй тул аливаа хөндсөн агуулгаараа нийгэмд өөрчлөлт бий болгоно гэвэл иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь зүйтэй.
Гэхдээ иргэний нийгмийн байгууллага олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд тодорхой гэрээний нөхцөл, ажлын даалгавартай байх тул тэдгээрийн нөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа хамгаалах хэрэгтэй.
Хамтын ажиллагааг аль болох ил тод байж, хоёр байгууллага бие биеэсээ хэт хамааралтай байхаас сэргийлж, олон нийтэд анхнаасаа юу ч нуулгүйгээр мэдээлж байх нь чухал
Хятадыг илүү эрэн сурвалжлах, Америкаас илүү болгоомжлох хэрэгтэй
Өмнө нь ардчилал, эрх чөлөөний тэргүүлэгч гэгддэг байсан Америк улс сэтгүүл зүйд улам халтай болсоор буйг мэргэжилтнүүд онцолж байв. Ялангуяа өмнө нь Орос, Хятадыг эрэн сурвалжлах, судлах ихэнх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ АНУ-ын дэмжлэгээр хэрэгждэг байсан нь зогсож, шинэ засгийн газар нь илүү түрэмгий хандлагатай байгаагаас болгоомжлох сэтгүүлчдийн тоо нэмэгдсэн байна.
Өдрийн хоолны үеэр өөр улсын сэтгүүлчидтэй нэг ширээнд сууж, АНУ төвтэй олон улсын редакцуудын төлөөлөлтэй ярилцахад хөдөлмөрийн орчин нөхцөл, мэдээллийн олдоц хүндрэлтэй байгаа гэх.
Хөтөлбөрийн дасгал ажлуудын дотор нэг улсын нэр хамгийн их давтагдсан нь Хятад. Хятадын гадаад бодлого хүчээ авч, олон улс дахь нөлөө нэмэгдсэн тул Хятад гэх хаалттай хязгаарыг нэвтлэх, судлах, эрэн сурвалжлахад ихээхэн ач холбогдол өгч буй нь илт. Тэдгээр практик сургалтыг ихэнхдээ Хятадад ажилладаг, эсвэл бүр Хятад сэтгүүлчид чиглүүлэх ба тэдний зургийг авах, нэрийг олон нийтэд дурдах ч хориотой байсан. Аюулгүй байдлын үүднээс зохион байгуулагчид тогтмол санамж өгөх ба оролцогчид ч бүгд ухаалаг төхөөрөмжүүдээ унтраагаад бал цаасаа аваад суух.
Зарим хөтөлбөрийн анги цөөн оролцогчтой байхад Хятадтай холбоотой сэдвүүд дээр л анги, танхимдаа багтахгүй их сэтгүүлч шавж, ширээ дүүрсэн хойно, газар сууж оролцох нь Хятадын нөлөө яаж нэмэгдсэнийг илтгэх мэт. Манай улсад ч мөн адил Хятадын оролцоотой төсөл, хөтөлбөрүүд улам ихсэх болсонд шинэ суралцсан арга зүй, хэрэглүүрүүдээ туршиж үзэх, хэргийг нь гаргах хүсэл улам нэмэгдсэн.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хувьд хиймэл оюун нь хоёр иртэй хутга
CTRL+J дээр хиймэл оюуныг зохицуулахад илүү төвлөрсөн бол энэ хурал тэгсэнгүй. Эсрэгээрээ AI-ийг ашиглан үлэмж өгөгдлийг шинжилж сэжүүр олох, гар ажлаа багасгаж илүү бүтээлч аргаар эрэн сурвалжлах, гэхдээ бас AI-ийн гаргах алдаа, өнгөц дүгнэлт зэргээс хэрхэн сэргийлэх тухай олон агуулга байв.
Сонирхолтой нь AI технологийг өөрийг нь хэрхэн судлах, эрэн сурвалжлах тухай сургалтууд ч байсан нь AI өөрөө нэг төрлийн хэрэглүүр, нөгөө талаараа онцлох бай болсныг илтгэнэ.
Нэгэнтээ AI технологийн компаниуд улс орнуудын засгийн газарт нөлөөлж, улс төр, мэдээлэл, хөдөлмөрийн орчныг эргэж буцалтгүйгээр өөрчилж байгааг, ийм нөхцөлд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэрхэн дасан зохицох вэ гэдгийг олон мэргэжилтнүүд өөр, өөрийнхөөрөө тайлбарласнаас “AI-ийн Эзэнт Гүрэн” номын зохиолч Карен Хаогийн үг хамгийн хурц байв.
“AI мэдлэг үйлдвэрлэлийг, судалгаа, шинжилгээний түгээлтийг бүрэн монополчиллоо. Одоо бид AI технологийн компаниудын бүтээж буй эзэнт гүрний иргэд болох замдаа явж байна. Хэрвээ AI-аар дамжуулж агуулгаа олон нийтэд түгээнэ гэвэл цаашдаа сэтгүүл зүй ‘яаж бүтээлээ амьгүй машинд ойлгогдохуйц байдлаар бэлтгэх’ тухай санаа зовох, тэгж байж мэдээний үнэ цэнийг нэмэгдүүлэх сонголттой л үлдэх нь. Гэтэл тэдгээр технологийн компаниудыг хэн санхүүжүүлдэг вэ? Хэт хөрөнгөжсөн бизнесүүд. Нэг ёсондоо сууриараа сэтгүүл зүй мөнгөний төлөө л ажиллах загвар луу шилжих аюултай”
-Карен Хао, “AI-ийн Эзэнт Гүрэн” номын зохиолч
Сэтгүүл зүй болон хууль зүй улам нягт ажиллах цаг ирсэн
Яагаад ч юм нийгэмд сэтгүүлч болон хуульч хоорондоо дайсан мэт, нэг нь дур зоргоороо аашлагч, нөгөө нь нөлөө бүхий этгээдүүдийн хамгаалагч гэсэн дүр зураг мэр, сэр ажиглагддаг. Ялангуяа хуульч нь хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд, сэтгүүлч нь өөрийн мэргэжлийн ёс зүйн хүрээнд ажиллах тул арга барилын тухайд ялгаа бий. Гэхдээ сэтгүүл зүй болон хууль зүй гэсэн хоёр салбар аль, аль нь улс төрийн дайралтад хамгийн их өртөж, нийгэм дэх итгэлээ алдаж буй.
Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулгаар нэг итгэл төрсөн нь хэвлэл мэдээллийг хамгаалах, сэтгүүлчдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр, про-боно үйл ажиллагаа эрхэлдэг маш олон олон улсын хуульчдын нэгдэл байв. Тэд ихэвчлэн аюулгүй байдал, хуулийн хамгааллын чиглэлийн сургалтуудыг чиглүүлэхийн зэрэгцээ асуудалтай нүүр тулсан сэтгүүлчдэд ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг идэвхтэй оролцоотой байлаа.
Хэдийгээр салбарын хувьд өөр ч аль, аль нь нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаагийн хувьд шаардлагатай дэмжлэгээ бие, биедээ хуваалцах санаачилгууд олон улсын түвшинд нэмэгдсээр байна. Тэдгээр төсөл, санаачилгуудын талаар байгууллагын зүгээс тоймлон хуваалцахаар ажиллаж байна.
Чуулганы хувьд аливаа асуудлыг тойрч хэлэлцэх гэхээсээ илүүтэй шууд арга зүй, практик хэрэглүүрүүд төвтэй байсан тул тэдгээрийг энэ нийтлэлээр тайлбарлаж бичихээс илүүтэй нээлттэй хуваалцах мэдлэг болгож түгээх нь зүйтэй. Иймд нийтлэлийн энэ хэсэгт хүрээд Малайзад оролцсон үйл ажиллагаануудын тухай агуулгыг өндөрлүүлэв.
4. ЧИАН МАЙ ДАХЬ SPLICE ФЕСТИВАЛЬ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БИЗНЕСИЙН ЗАГВАРЫН ИРЭЭДҮЙГ ХЭЛЭЛЦЭХ ЦЭГ
Дууяа эгч, Мөөгий эгч хоёр Монгол буцаж, Ану бид хоёр дараагийн үйл ажиллагаа руу явлаа. Бас манай байгууллагын харилцааны менежер Ү.Аминаа энд оролцохоор Монголоос нисжээ. Куала Лумпураас томилолтын сүүлийн зогсоол болох Чиан Май хот руу 2 цаг ниснэ. Дээрээс нь харвал хуучны барилгууд, уулын орой дээрх сүмүүд гээд өмнөх хоттой харьцуулахад хамаагүй нам гүм, буйдхан. Өнгөрсөн жил Splice фестивальд оролцсон туршлагатай ч энэ үйл ажиллагаа хөнгөн, нөхөрсөг уур амьсгалтай тул нэгэнт дотно хүмүүстэйгээ уулзахаар явж байгаа мэт санагдаад, өнгөрсөн жилийн адил догдлох.
Монголоос UB.Life редакцын төлөөллүүд, мөн Splice фестиваль дээр өөрийн байгууллагыг танилцуулж илтгэх Positive Дадалын хамт олон оролцсоноор Монгол улсаас нийт 12 оролцогч иржээ.
2024 онд Чиан Майн их сургуульд харьцангүй өргөн цар хүрээнд зохион байгуулагдсан уг фестиваль энэ жил The Goodcery гэх хосолсон орон зайд зохион байгуулагдлаа. Кофе шоп, дарсны газар, дэлгүүр, ресторан, хурлын өрөөнүүд хосолсон 3 давхар барилга.
Мэдээж шинэ илтгэгчид ирж, хурлын агуулгыг баяжуулсан байх ба зөвхөн шинэ суралцахуй, шинэ хичээлүүдээс гадна энд анх удаа ментортой болж, зөвлөгөө авч, 1 сарны турш сэтгүүл зүйд хэт авсан бодлоо бага зэрэг хөнгөлөх боломж болсон нь ихээхэн тааламжтай байв.
Хурлын агуулгын тухайд бид аль хэдий нь өмнөх мэдээллээр дамжуулсан тул та бүхэн мэдээллийг эндээс авна уу .
Ямартай ч 10:30-ийн өглөөний уулзалтдаа эргээд оролцоход сарын турш суралцсан томилолт маань анх баталсан төлөвлөгөөний хүрээгээр хязгаарлагдахгүй олон агуулга, үйл ажиллагааг шингээсэн, зөвхөн байгууллагадаа тайлагнаад зогсохгүй, мэдэрсэн мэдрэмжээ бусадтай харамгүй хуваалцах, өөрийн туршлагаар таныг аялуулах сэдлийг өгчээ.
Иргэний орон зай, хиймэл оюун, эрэн сурвалжлах арга зүй, хууль эрх зүйн дэмжлэг зэрэг нь Бангкок, Куала Лумпур, Чиан Майд сонсоод өнгөрсөн зүйлс биш бодит хэрэглээ болох нь хамгийн чухал. Цаасан дээрх тэмдэглэлд үлдэх гэхээсээ илүү аль нэг редакц, сургалтын танхим, салбарын хэлэлцүүлэгт сонсогдох хэрэгтэй.
Дээрх бичвэр бол манай байгууллагаас 4 хүн, 6 үйл ажиллагаанд оролцсон түүхийг өөрийн оролцооныхоо хүрээнд баримтжуулж үлдээх нэг л оролдлого юм. Үүр төвийн томилолтоор явсан баг өөрсдийн сурсан, мэдсэн агуулгуудыг нэгтгэж, боловсруулаад аяны богцоо задлахаар зэхэж байна. AI засаглалаас хэвлэл мэдээллийн бизнес загвар хүртэл өргөн агуулга хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн нэгэнд хэрэг болохуйц байна гэж найдаж байна.
Томилолт гадаадад өрнөх хэдий ч томилолтоор явсны жинхэнэ учир Улаанбаатарт биеждэг.

