Редакцад хиймэл оюун ухаан ашиглах, зохицуулах бодлого
Disclaimer: Энэхүү журам нь Хиймэл оюун ухааныг дараах тодорхойлолтын хүрээнд ойлгож, зохицуулалтыг тодорхойлов. Хиймэл оюун ухаан гэж юу вэ? Хиймэл оюун ухаан гэдэг нь хүний оюунаар бүтээдэг өгөгдөлд суурилсан аливаа даалгаврыг тооцооллын аргаар боловсруулах хүний бүтээсэн технологи юм. Энэхүү технологи нь их хэмжээний өгөгдөлд суурилан дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, урт хугацааны түүхийн өгөгдөлд суурилан ирээдүйн тооцоолол хийх, шийдвэр гаргах зэрэг үйлдлийг хийнэ. Generative AI гэдэг нь өгөгдсөн өгөгдөлд суурилан текст, зураг, аудио, дуу хоолой, дуу хөгжим, видео болон код бүтээх чадвартай хиймэл оюуны нэг төрөл юм. Энэхүү тодорхойлолтын хүрээнд хиймэл оюун ухаан нь тухайн ашиглаж байгаа моделийн алгоритм, алгоритмыг сургасан өгөгдлөөс хамаарсан тодорхой хэмжээний хэвшмэл ойлголтыг агуулсан, өгөгдөл, төлөвт тулгуурлан төөрөгдөх сул талтай технологи бөгөөд, ямар нэг супер технологи биш гэдгийг хүлээн зөвшөөрч, үүний сул талаас хамааран сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаанд учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү журмыг ашиглана.
Зорилго
1.1. Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ болон түүний дэргэдэх Монголын Баримт Шалгах Төвийн үндсэн зорилгод уялдуулан, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, хуурамч мэдээллийг танин мэдэх чадварыг сайжруулах, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, баталгаатай эх сурвалжийн мэдээллийг шуурхай, хүртээмжтэй, ёс зүйтэйгээр бүтээн, түгээх, мэдээллийн экосистемийн бусад оролцогчдод хиймэл оюун ухааны ёс зүйтэй хэрэглээгээр үлгэрлэх, байгууллагын эрхэм зорилгыг технологийн оролцоотойгоор ахиулах зорилгоор хиймэл оюун ухааныг байгууллагын дотоод болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах хэрэглээг энэхүү бодлогоор зохицуулна.
Журмын хэрэгцээ шаардлага
2.1. Хиймэл оюуны хурдтай хөгжил нь бусад салбараас дутуугүй сэтгүүл зүйн салбарт хүчтэй нөлөөлж байна. Цахим технологи, интернэт, сошиал медиагийн хөгжил нь сэтгүүл зүйн салбарт томоохон цохилт болсны араас хиймэл оюуны хурдтай хөгжилд шуурхай дасан зохицох, тэр дундаа хиймэл оюуны зохистой хэрэглээнд тулгуурлан салбарын хөгжлийн хоцрогдлыг нөхөх боломж бий болж байна. Гэхдээ хиймэл оюун ухааны замбараагүй хэрэглээ нь үзэгч, уншигчдын итгэлийг алдах, зохицуулалтгүй хэрэглээнээс шалтгаалан сэтгүүл зүй нь алдаатай, улмаар хуурамч мэдээлэл бүтээгч, түгээгч болох эрсдэлтэй тул хиймэл оюуныг редакцад ашиглах бодлого боловсруулах, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай болж байна.
2.2. Хиймэл оюуны технологи нь байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, ач холбогдол багатай, олон давтагддаг үйл ажиллагааг хялбарчилж, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой ч сургагдсан өгөгдөл, алгоритмаас хамааран нийгмийн хэвшмэл ойлголтод тулгуурласан, ихэнх тохиолдолд алдаатай, баримтыг гуйвуулсан үр дүн гаргах эрсдэлтэй тул редакцад журмын дагуу хиймэл оюуны хэвшмэл ойлголтыг нягтлан шалгах, санаатай болон санамсаргүй алдаа гаргахаас сэргийлэх процессыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.
Журмын бүтэц
3.1. Редакцад хиймэл оюун ухаан ашиглах, зохицуулах бодлого нь Ерөнхий зохицуулалтын хэсгүүд (1-8 ба 12, 13-р хэсэг) болон мэдээллийн үнэн бодит байдалд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудад түгээмэл хэрэгждэг үйл ажиллагааны гурван үндсэн чиглэлийг (9, 10, 11-р хэсэг) хамарна. Үүнд:
Текст агуулга, судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах бодлого
Видео, аудио болон зурган агуулгад хиймэл оюун ухаан ашиглах бодлого
Байгууллагын бүтээмж, үйл ажиллагааг оновчлоход хиймэл оюун ухаан ашиглах бодлого
Нийтлэг зарчим
4.1. Редакц нь хиймэл оюуныг зардал бууруулах, хүний нөөцийг танах зорилгоор бус орлогоо өсгөх, бүтээмжээ нэмэгдүүлэх, сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг сайжруулах, хэрэглэгчдэдээ илүү ойртох зорилгоор ашиглана.
4.2. Хариуцлагатай хэрэглээ: Хиймэл оюун ухаан нь хүний шийдвэр гаргалт, хөдөлмөрийг орлох бус, зөвхөн дэмжих хэрэгсэл байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн аливаа агуулга, мэдээллийг хүний хяналтаар заавал баталгаажуулах бөгөөд эцсийн хариуцлагыг зөвхөн хүн хүлээнэ. Хиймэл оюун ухаан нь зөвхөн дэмжих хэрэглүүр байна.
4.3. Гарцаагүй хэрэглээ: Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн аливаа агуулга нь хэлбэрээс үл хамааран мэдээлэл хүлээн авагчдын далд ухамсарт нөлөөлж, цаашид баталгаагүй хиймэл оюун ухаанаар бүтээсэн агуулгад итгэх эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг тогтмол тооцоолон, зөвхөн гарцаагүй үед хэрэглэх буюу зөвхөн бодит дүрслэл, хүний хөдөлмөрөөр гүйцэтгэх боломжгүй үед ашиглана. Тухайлбал:
4.3.1. Цаг хугацаа, хүний нөөц, санхүүгийн батлагдсан дутагдалтай үед бодит байдлыг гажуудуулахгүйгээр, бичмэл бусад баримтад тулгуурлан,
4.3.2. Олон нийтэд болзошгүй аюулт, эсвэл гэмт хэргийн нөхцөл байдлыг зохиомол кэйсэд тулгуурлан дүрслэн харуулж байгаа бол,
4.3.3. Дүрс, эсвэл зургаар харуулах шаардлагатай тухайн бодит дүрслэлийг бодитоор авч баримтжуулах боломжгүй нөхцөлд. Тухайлбал, тухайн үйл явдал хэдийнэ өнгөрсөн бөгөөд бодит баримт дүрс, дүрслэл үлдээгүй (тухайлбал байгалийн гамшиг, онц ноцтой үзэгдэл гм), эсвэл тухайн нөхцөл байдал хараахан болоогүй, таамаглал төдий үед, эсвэл дүрсээр харуулах боломжгүй нарийн төвөгтэй зураглал, бүтцийг хялбарчлан тайлбарлах шаардлагатай нөхцөлд,
4.3.4. Тухайн дүрслэл, зураглалыг бодитоор харуулах нь хүний эрх, хүүхдийн эрх зөрчих, хувь хүний эмзэг мэдээллийг алдагдуулах эрсдэлтэй нөхцөлд ашиглана.
4.4. Баримтад суурилсан байдал: Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контент нь баримт шалгалтад суурилсан, баталгаат эх сурвалжаар баталгаажсаныг нягталсан байна.
4.5. Оюуны өмчийг дээдлэх: Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контентын эх сурвалж, дата, загварын лицензийг хүндэтгэнэ. Нээлттэй эх сурвалжийг заавал дурдахаас гадна тухайн эх сурвалжийг ямар хиймэл оюуны загвараар боловсруулсныг заавал дурдаж, оюуны өмчийг хүндэтгэнэ. Гуравдагч этгээдийн зохиогчийн эрхийг зөрчихгүй буюу бусдын зураг, бичлэг дуу хоолой, анимэйшн, дүр ашиглахгүй. Зөвшөөрөлгүйгээр бодит хүний царай, дуу хоолойнд тулгуурлан дүр бүтээхгүй.
4.6. Ил тод байдал: Хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн аливаа мэдээлэл, агуулга нь ашигласан загвар, хэрэглүүрийн төрөл, интернэтийн нийлүүлэлт зэргээс хамааран ижил заавраар ижил агуулга бүтээхэд ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх магадлалтай тул ил тод байдлыг хангах нь хиймэл оюун ухааны хэрэглээний үндсэн суурь зарчим байна. Ил тод байдлыг дараах 2 түвшинд авч үзнэ.
4.6.1. Гадаад ил тод байдал гэдэгт хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн аливаа агуулгыг байгууллагын дотоод хэрэглээнээс гадна буюу олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор эсвэл харилцагчдад тайлан хүргүүлэх зэрэг практик хэрэглээг ойлгоно. Энэ үед хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн аливаа агуулга, контентод зохих тэмдэглэгээг (“... зорилгоор ... төрлийн хиймэл оюун ухаан ашиглан бүтээв”) нүдэнд ил харагдахуйц байршуулж, олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ.
4.6.2. Дотоод ил тод байдал гэдэгт тухайн агуулгыг бүтээхэд оролцож байгаа байгууллагын дотоод хүний нөөц, баг хамт олонд бүтээгдэхүүний шинж чанарыг бүрэн дүүрэн таниулах зорилгоор хэрэглэж байгаа нөхцөлийг ойлгоно. Байгууллагын хэмжээнд хиймэл оюуныг хэрхэн хэрэглэж байгаа болон хэрэглэсэн тухай тухайн агуулга, контент, судалгааг бүтээх үйл явцад оролцож байгаа бүх ажилтанд мэдээллийг ил тод түгээнэ. Ингэхдээ бүтээх аль үе шатанд ямар төрлийн хиймэл оюуны хэрэглүүр ашигласан, ямар даалгавар (prompt) ашигласныг шат шатанд ил тод мэдээлж, тайлагнах бөгөөд контентыг хянахдаа зөвхөн эцсийн агуулгыг хянахаас гадна, ашигласан хиймэл оюуны хэрэглүүрийн хэвшмэл ойлголттой (bias) байж болох байдлыг давхар хянаж, нягталсны үндсэн дээр нийтэд түгээх, эсвэл байгууллагын дотоод хэрэглээ буюу шийдвэр гаргалтад ашиглана.
4.7. Хүний эрхийг дээдлэх: Хиймэл оюун ухаан нь сургагдсан өгөгдөл, алгоритмаас хамааран нийгмийн аливаа хэвшмэл ойлголтыг дэвэргэх эрсдэлтэй байдаг тул хиймэл оюуны тусламжтай бүтээгдсэн аливаа агуулгад хүүхэд, нийгмийн эмзэг бүлэг, цөөнхийн эрх ашгийг санаатай болон санамсаргүй байдлаар хохироохгүй байхад хяналт тавина. Ялгаварлан гадуурхах, үзэн ядах, гүтгэх, төөрөгдүүлэх агуулга үүсгэхээс сэргийлнэ.
4.8. Хувийн нууц ба мэдээллийн аюулгүй байдал: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй. Өгөгдөл нь олон нийтэд нэлттэй, хууль тогтоомжид нийцсэн байна. Нийтэд нээлттэй хиймэл оюуны хэрэглүүр ашиглаж байгаа нөхцөлд байгууллагын эмзэг өгөгдлийг ашиглахгүй.
4.9. Синтетик контент бодит контенттой үл өрсөлдөх зарчим: Хиймэл оюунаар аливаа контент, видео бүтээхдээ санаатай болон санамсаргүй байдлаар дундаж уншигч, энгийн нүдээр харахад бодит мэт сэтгэгдэл төрүүлэх хэмжээнд бүтээхгүй, бөгөөд зөвхөн журмын зорилгод нийцсэн зорилгоор ашиглана. Энэ үед анимэйшн зэрэг зураглалыг ашиглах нь зохимжтой. Хиймэл оюунаар бүтээсэн контент нь бодит дүрс бичлэгийг орлохгүй бөгөөд, бодит бичлэгтэй үл өрсөлдөх зарчмыг тогтмол мөрдлөг болгоно. Цахим боловсрол хараахан төлөвшөөгүй бага насны хүүхдэд зориулагдсан агуулгад энэхүү зарчмыг онцгой чухалчилна.
4.10. Хэмнэгдсэн цаг хугацааг утга учиртай ажилд зарцуулах: Хиймэл оюун ухаан ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлснээр редакцад хэмнэгдсэн цаг хугацааг олон нийтийн эрх ашгийн төлөөх илүү чанартай, хэрэгцээтэй агуулгыг бүтээх, зорилтот бүлгийн хэрэглэгчидтэй бодит харилцааг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулна.
4.11. Хүн хоорондын биет харилцааг эрхэмлэх: Хиймэл оюун ухаан ашигласнаар сэтгүүлчид үйлчилж буй олон нийтээсээ алсрахгүй байхад редакц хяналт тавьж ажиллана.
Хамрах хүрээ
5.1. Энэхүү журмыг байгууллагын хэмжээнд хиймэл оюун ухаан ашиглан бүтээж байгаа аливаа агуулга, судалгаа, хэрэглүүр, контентын зохицуулалтад ашиглана.
Хориглох хэрэглээ
6.1. Дараах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно:
6.1.1. Санаатай болон санамсаргүй байдлаар хуурамч мэдээлэл, deepfake, төөрөгдүүлсэн контент үүсгэх
6.1.2. Улс төрийн манипуляц, суртал ухуулга хийх
6.1.3. Бусдыг доромжилсон, нэр төрд халдсан агуулга гаргах
6.1.4. Хууль бус үйл ажиллагааг дэмжих
6.1.5. Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн болон боловсруулсан аливаа текст, агуулгыг шууд нийтлэхийг хориглоно. Гарсан үр дүнг зөвхөн баталгаагүй "анхан шатны түүхий материал" хэлбэрээр хүлээн авна.
6.1.6. Дундаж уншигч энгийн нүдээр харахад бодит дүрс бичлэгтэй эндүүрэх хэмжээний контент үйлдвэрлэх буюу бодит дүрслэл, агуулгатай өрсөлдөх.
Хяналт хариуцлага
7.1. Редакц үйл ажиллагааныхаа онцлогт тулгуурлан байгууллагын дотоод хэрэгцээнд болон редакцын зорилгоор ашиглаж болох хиймэл оюуны хэрэглүүрийн төрлүүдийг урьдчилан батлахыг эрмэлзэх бөгөөд, хиймэл оюунд суурилсан аливаа даалгавар гүйцэтгэхдээ заавал хиймэл оюун ухаан хэрэглэх шаардлагатай эсэх, тийм бол ямар хэрэглүүр нь хамгийн тохиромжтой болохыг технологийн ажилтантай зөвлөлдөн шийдвэрлэнэ.
7.2. Хувийн болон нууц мэдээлэл агуулж буй хувь хүний захидал харилцаа, байгууллагын дотоод бичиг баримтыг нийтэд нээлттэй хиймэл оюуны хэрэглүүрт оруулахыг хориглоно.
7.3. Хэрэглэгч хиймэл оюун ухааны контенттой холбоотой санал гомдол гаргах нээлттэй сувгийг (имэйл, форм, мессенжер гм) ажиллуулна.
7.4. Олон нийтэд зориулан нийтэлсэн агуулгад зөрчил илэрвэл контентыг засварлах, залруулга нийтлэх, нэн шаардлагатай нөхцөлд редакцаар хэлэлцсэний үндсэн дээр буулгах арга хэмжээ авна.
7.5. Журмын хэрэгжилтийн хүрээнд байгууллагад болон ажилтнуудад байж болох эмзэг байдлыг илрүүлэх, оношлох зорилгоор технологийн мэргэжилтэн тогтмол шалгалт зохион байгуулж болно.
7.6. Энэхүү бодлогын хэрэгжилтэд мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ерөнхий эрхлэгч, албаны удирдлагууд, гүйцэтгэх удирдлага хяналт тавина.
Сургалт ба чадавхжуулалт
8.1. Энэхүү журмын хэрэгжилтийн хүрээнд гурван түвшинд хиймэл оюун ухааны хэрэглүүр ашиглаж байгаа ажилтнуудад ёс зүй, мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг технологийн мэргэжилтэн улирал тутамд зохион байгуулна.
8.2. Журамд өөрчлөлт орсон тухай бүрд ажилтнуудад нэгдсэн журмаар албан ёсоор танилцуулж, хэрэгжилтийг хангана.
8.3. Олон нийтэд чиглэсэн хиймэл оюун ухааны хэрэглээний тухай ойлголт өгч, мэдээллийн боловсролын агуулгыг олон нийтэд боломжтой хэмжээнд хүргэж ажиллана.
Текст агуулга, судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах бодлого
9.1. Текст агуулга, судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах хэрэглээ
9.1.1. Мэдээ, нийтлэлийн эх сурвалж болох их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хэв загварыг илрүүлэх, нийцэлгүй, содон эсвэл ялгаатай өгөгдлийг олж илрүүлэх
9.1.2. Сэтгүүлчийн бүтээсэн текст хэлбэртэй агуулгыг ялгаатай бүлгийн уншигч, үзэгч, сонсогчдод сонирхолтой байдлаар баримтыг өөрчлөхгүйгээр дахин найруулах,
9.1.3. Сэтгүүлчийн бүтээсэн нийтлэл, мэдээнд үзэгчдийн сонирхлын бүлэгт нийцсэн гарчиг санал болгох, тойм, товчлол бэлдэх,
9.1.4. Сэтгүүлчийн бүтээсэн текст хэлбэртэй агуулгыг өөр хэлэнд хөрвүүлэх, ингэхдээ мэргэжлийн редактороор заавал хянуулсны үндсэн дээр олон нийтэд хүргэх.
9.1.5. Төрөлх хэлээс өөр хэл дээр бүтээсэн орчуулгын агуулгын найруулгыг засаж сайжруулах
9.1.6. Байгууллагын дотоод болон гадаад имэйл эсвэл албан бичгийн харилцаанд болон сэтгүүлчийн бэлтгэсэн бичмэл агуулгад үг үсгийн алдаа, найруулга засах, гадаад хэл рүү хөрвүүлэх, найруулга сайжруулах
9.1.7. Гадаад хэл дээр хүлээн авсан агуулга, эх сурвалжийн мэдээллийг орчуулж, ерөнхий агуулгын ойлголт авах хэмжээнд хэрэглэнэ.
9.1.8. Аудио болон видео мэдээллийг текст хэлбэрт буулгах
9.1.9. Сэтгүүл зүйн аливаа төрөл зүйлээр бичигдсэн агуулгыг баримтыг өөрчлөхгүйгээр бусад бичлэгийн төрөл зүйлд шилжүүлэх, товхимол бүтээх гм
9.2. Хэрэглээнд баримтлах дүрэм ба хязгаарлалт
9.2.1. Хиймэл оюуны тусламжтайгаар боловсруулсан текст хэлбэртэй агуулга нь эцсийн бүтээгдэхүүний шатанд илрүүлэхэд хамгийн бэрхшээлтэй төрөл тул байгууллагын дотоод ил тод байдлыг дээд хэмжээнд хангаж, хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн аливаа агуулгыг нийтэд хүргэхээс өмнө дор хаяж нэгээс хоёр удаагийн хүний хяналтаар оруулна.
Видео, аудио болон зурган агуулгад хиймэл оюун ухаан ашиглах бодлого
10.1. Видео, аудио болон зурган агуулгад хиймэл оюун ухаан ашиглах хэрэглээ
10.1.1. Хиймэл оюун ухаан ашиглан текстээс зураг, бичлэг, анимэйшн, график, дуу хоолой үүсгэх
10.1.2. Хиймэл оюун ухаан ашиглан видео эсвэл зураг, график хэлбэртэй контент, агуулга сайжруулах
10.1.3. Өмнө нь цахим технологи ашиглан үүсгэдэг байсан график, зураг, дүрслэлийг хялбар аргаар хийж гүйцэтгэх нөхцөлд
10.1.4. Бодит зураг, бичлэг, аудиог хиймэл оюун ухаан ашиглан өөрчлөхөөс аль болох зайлсхийх бөгөөд зөвшөөрөгдөх хэрэглээнд ярианаас сул үгийг хасах зэрэг багтана. Ингэхдээ тухайн ярианы үндсэн агуулгыг гажуудуулахгүй байхад редакц хяналт тавина.
10.2. Хэрэглээнд баримтлах дүрэм ба хязгаарлалт
10.2.1. Бодит гэрэл зураг, видеог хиймэл оюунаар хэт өөрчлөхгүй бөгөөд зөвшөөрөгдөх хэрэглээнд видео, аудионы чанарыг сайжруулах зорилгоор агуулгыг өөрчлөхгүйгээр орчны чимээг хасах, багасгах, зураг таслах (crop), зургийн өнгө сэргээх, бага хэмжээнд зургийн ялгарал өөрчлөх зэрэг багтана.
10.2.2. Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентыг нийтлэхээс өмнө заавал нэгээс хоёр удаагийн хүний хяналтаар дамжиж, хэвшмэл ойлголт, хүний эрхийг зөрчих, үндэсний онцлогтой дүрслэлийг гажуудуулсан зэрэг зөрчил байгаа эсэхийг илрүүлж, залруулна.
10.2.3. Дүр, дүрслэл нь бодит хүнтэй андуурагдахуйц байвал анхааруулга байршуулна. (Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн агуулга нь бодит хүнтэй төстэй байгаа бол энэ нь цэвэр санамсаргүй тохиолдол болно).
10.2.4. Энгийн, ойлгомжтой, айдас төрүүлэхгүй өнгө аястай байна.
Байгууллагын бүтээмж, үйл ажиллагааг оновчлоход хиймэл оюун ухаан ашиглах бодлого
11.1. Байгууллагын бүтээмж, үйл ажиллагааг оновчлоход хиймэл оюун ухаан ашиглах хэрэглээ
11.1.1. Байгууллагад хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөрийн үр дүнг тайлагнах, хэмжих, их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх, стратеги төлөвлөгөөнд тусгах мэдээлэл гаргаж авах,
11.1.2. Байгууллагад хэрэгжиж байгаа аливаа төсөл хөтөлбөр, бизнесийн үйл ажиллагааны тайланг загварчлах, шинэ санаа гаргах нөхцөлд,
11.1.3. Хэвлэл мэдээллийн байгууллагын харилцагчдын шинжилгээ хийх,
11.1.4. Хэвлэл мэдээллийн байгууллагын уншигчдын нарийвчилсан шинжилгээ хийх, зорилтот бүлгийн хэрэгцээг тодорхойлох, таамаглах, турших, ингэхдээ хувь хүний мэдээлэл нууцлах хууль тогтоомжийг баримтална,
11.1.5. Байгууллагын бизнесийн үйл ажиллагааг сайжруулах шинэ бүтээгдэхүүн турших, хэрэглээнд нэвтрүүлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглах,
11.1.6. Сэтгүүл зүйн агуулгыг хэрэглэгчдийн зан төлөв, сонирхолд нийцүүлэн санал болгох, түгээх технологи нэвтрүүлэх
11.1.7. Контент мониторинг, ёс зүй, эсвэл хуулийн зөрчил илрүүлэх
11.1.8. GEO буюу хиймэл оюуны хайлтад өөрийн агуулгыг илэрцтэй болгох, илэрцийг сайжруулах эсвэл илэрцийг хязгаарлах, хаах зэрэг.
11.2. Хэрэглээнд баримтлах дүрэм ба хязгаарлалт
11.2.1. Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, уншигчид, захиалагчдын өгөгдлийг ашиглан хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийх нөхцөлд зөвхөн хэрэглэгчдийн зөвшөөрөлд үндэслэн “Хувь хүний мэдээлэл хамгаалах” хуулийн хүрээнд хувь хүний өгөгдлийг ашиглана.
11.2.2. Редакцын бүтээлийг хуулбарлан ашигласан, зөвшөөрөлгүйгээр олшруулсан зэрэг зөрчлийг хиймэл оюуны оролцоотойгоор илрүүлж болох бөгөөд энэ тохиолдолд мэдээллийг олон нийтэд түгээх, харьяа байгууллагад гомдол, мэдээлэл гаргахаас өмнө илэрцийг хүний хяналтаар нягталсан байна.
11.2.3. Хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн агуулга түгээх алгоритм, хиймэл оюуны хэрэглүүр ашиглахдаа сонгууль эсвэл гэмт хэрэг зэрэг нийгмийн чухал үзэгдлүүдийн үед ялгаатай бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчид сонирхлоос үл хамааран тэнцвэртэй мэдээлэл хүлээн авч байгаа эсэхийг баталгаажуулах
Хэрэгжилт ба шинэчлэл
12.1. Энэхүү бодлого нь батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр байна.
12.2. Хиймэл оюун ухааны технологийн хөгжил, хууль эрх зүйн өөрчлөлттэй уялдуулан тухай бүрд Гүйцэтгэх захирлын тушаалаар шинэчилнэ.
Бусад
13.1. Энэхүү хиймэл оюуны бодлогыг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ нь экосистемийн бусад оролцогчдод хиймэл оюун ухааны ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор ил тод нээлттэй, хуваалцан ашиглах бөгөөд, сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аливаа байгууллага үйл ажиллагаандаа нийцүүлэн нээлттэй өөрчлөн ашиглаж болно.
13.2. Энэхүү журмыг нээлттэй байршуулах бөгөөд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвөөс зарлан хэрэгжүүлж буй аливаа сэтгүүл зүйн болон инновацын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа байгууллагууд нэгэн ижил мөрдлөг болгоно.
13.3. Энэхүү журам нь нийтийн өмч бөгөөд журмыг өөрсдийн үйл ажиллагаандаа хөрвүүлэн ашиглах хүсэлтэй редакцууд журмыг сайжруулах санал, журмын дутагдалтай агуулгыг өөрчлөх шүүмжийг hello@nestmongolia.org имэйлээр ирүүлснээр журмыг хамтран сайжруулж, экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.
13.4. Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ нь хиймэл оюуны загваруудыг сайжруулах чиглэлд өөрсдийн эрхэм зорилгын хүрээнд нөлөөлөл үзүүлэн ажиллах бөгөөд нийтлэлийн бодлогоороо хиймэл оюуны ёс зүйтэй хэрэглээг дэмжин ажиллана.
13.5. Хиймэл оюуны ёс зүйтэй хэрэглээг сайжруулах, нэмэгдүүлэх, зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр хиймэл оюуны загвар хөгжүүлэгч компаниудтай хамтран ажиллаж болох бөгөөд энэ хүрээнд хамтран ажиллах байгууллагуудыг тодорхой ёс суртахууны шалгууруудад үндэслэн сонгоно.
БАТЛАВ.
ТББ-ЫН ТЭРГҮҮН /Б.ДУЛАМХОРЛОО

