Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгүүл зүйн платформоо олон улсад танилцуулаа
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ нь Лондонгийн Их Сургуулийн дэргэдэх Journalism AI (Сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюун ухаан) байгууллагын дэмжлэгтэйгээр мэдээллийн экосистемийн дүн шинжилгээ хийх, баримт шалгах үйл ажиллагааг оновчлох хиймэл оюун ухааны хэрэглүүр хөгжүүлж байгаа билээ.
Бид Journalism AI-ийн дэмжлэгтэйгээр эдгээр хэрэглүүрийн бета хувилбарыг хөгжүүлж дуусаад байгаа бөгөөд технологийн шийдлээ олон улсын мэдээллийн орчны оролцогч, экспертүүдэд танилцууллаа.
Хиймэл оюун ухааны хэрэглүүрүүд нь бидний хөгжүүлж буй нээлттэй эхийн Pluma.media платформ дээр ажиллах бөгөөд хиймэл оюун ухааны хөгжүүлэлттэй зэрэгцэн Pluma платформ хэрэглэгчдэд хүрч эхэлж байгаа юм.
Чөлөөт сэтгүүлчдэд бүтээлээ туурвих чөлөөт орон зайг бий болгож, орлогын загварыг санал болгохын зэрэгцээ уншигчдад төдийлөн хөндөгддөггүй сэдвүүдээр мэдээлэл олж авах боломжийг олгох энэхүү платформд одоогоор 56 сэтгүүлч бүртгүүлэн чөлөөт хэлбэрээр мэдээлэл нийлүүлж байна.
Энэхүү шийдлийг олон улсын мэргэжилтнүүд мэдээллийн экосистемийг чөлөөлөх, иргэдийн мэдэх эрхийг хангах шинэ үеийн шийдэл хэмээн үнэлж байгаа юм.
Плюма платформыг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ, Faro Technologies компанитай хамтран хөгжүүлж байгаа бөгөөд цаашид платформын менежментийг Плюма ХХК хэрэгжүүлж, сэтгүүлчдийн ур чадварт чиглэсэн сургалт хөгжлийн асуудлыг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв хариуцан ажиллах юм.